Thursday, November 22, 2007

Элэгний vрэвсэл буюу гепатит

Ерөнхий
Ард олны дунд энэ өвчний үед шарладаг учраас шар өвчин гэж нэрлэгддэг. Анх энэ өвчний шинж тэмдгийн талаар манай эриний V зуунд алдарт эмч Гиппократ бичиж байжээ.
.
Элэгний үрэвсэл буюу гепатит гэдэг нь элэгний үрэвсэлт өвчний ерөнхий нэршил юм. Элэгний үрэвсэл гол төлөв вирусын гаралтай байдаг ч зарим тохиолдолд дархлалын онцлог, бодисын солилцооны алдагдал, өлсгөлөн, эмийн бэлдмэл, хор, хүнд металлын давс зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх нь бий.
.
Халдварт шар нь А, В, С, D, Е ба G гэсэн олон янз байдаг. Тухай бүрт үрэвсэл үүсгэгч өөрийн гэсэн вирустай. Эдгээрээс хамгийн түгээмэл тархсан нь А, В ба С гепатит.
.
Шалтгаан
Элэгний үрэвслийн вирус нь бусад вирусуудын нэгэн адил амьд эс дотор амьдардаг бичил биет. Ингэхдээ вирус нь эзэн эсийнхээ дотор ормогц гэмтээн өөрчлөөд үржиж эхэлдэг. Ингээд өвчин үүснэ.
.
Элэгний үрэвсэл үүсгэдэг вирусууд нь янз бүрийн бүлэгт багтдаг, хоорондоо ялгаатай байдаг бөгөөд зөвхөн элэгний үрэвсэл үүсгэдэг гэдгээр нь л нэгтгэдэг. Элэгний үрэвсэл нь хүнээс хүнд халддаг бөгөөд вирус болгон өөр өөрийн халдварлах замтай байдаг. Элэгний үрэвсэл А, Е нь хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар дамждаг. Мөн анал ба орал бэлгийн харьцаанаас халдаж болно.
.
В, D, G элэгний үрэвслүүд халдварлагдсан цусаар дамждаг. Иймд халдварлагдсан зүү, тариур, сахлын хутга, хусны хутга, халдвартай цус юүлэх, өвчтэй хүнтэй бэлгийн харьцаа зэрэгт халдварлагдана. Үүнээс гадна энэ төрлийн элэгний үрэвсэл төрөх үед эхээс урагт халдварладаг. Мөн цусаар дамжина.
.
Гэхдээ С гепатитын халдварыг бэлгийн хавьтаар авах бараг боломжгүй ч гэлээ халдвартай хүний шүлсээр тун амархан халдварлагддаг.
.
Шинж тэмдэг
Халдвар авсан цагаас өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэл хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэл өнгөрч болно. Элэгний үрэвслийн үед толгой өвдөх, ядрах, үе мөчөөр өвдөх, халуурах шинж тэмдэг анхлан илэрнэ. Удалгүй хоолонд дургүй болох, цээжний хөндийн баруун хэсгээр өвдөх, бөөлжих дотор муухайрах шинж илэрнэ. Шээс хар хүрэн өнгөтэй болох, өтгөн нь цагаан болох, арьс шарлах, загатнах зэрэг шинж илэрнэ.
.
Vр дагавар
Элэгний архаг үрэвсэл нь элэгний хатуурал буюу цирроз, элэгний өмөн, элэгний дутагдал зэрэг ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй. Элэгний үхжиж хэрэггүй болсон эс цусанд орж мэдрэлийн системийг гэмтээх үед элэгний дутагдал үүсдэг. В гепаптитаар хэдий чинээ бага насандаа өвчилнө тэр хэмжээгээр нас ахисан хойноо элэгний хатууралтай болох магадлал нь нэмэгддэг. С гепатит нь гаднаа илрэх шинж тэмдэггүй олон арван жил архаг хэлбэрт шилжин хорт хавдар, элэгний хатуурал үүсгэх аюултай.
.
Oношлогоо
Халдварт шар авсан байх сэжиг илэрвэл нэн яаралтай өрхийн эмчид хандаж, эсвэл халдвартын түрэн тусламж дуудах шаардлагатай. Эмч гадуур үзлэг хийгээд шинжилгээнд явуулна. Шинжилгээгээр цусанд халдварын вирус байгааг илтгэсэн тусгай бодис, элэг гэмтсэн үед ихээр ялгарч эхэлдэг билирубиний хэмжээг тогтоох нь чухал. Мөн шээсний шинжилгээ хийдэг. Хүнд тохиолдолд халдварын шинжилгээ, элэгний эдийн шинжилгээ шаардлагатай.
.
Эмчилгээ
Вирусын гаралтай элэгний үрэвсэлд тусгай эмчилгээ байдаггүй. Зөвхөн давс, өөх тосгүй хоол өгөх зэргээр тусгай хоолны дэглэм бариулна. Мөн шарсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо идэж болохгүй. А, D, Е, С, В6, В12 аминдэм, тэдгээрийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн, дархлаа сайжруулах, вирусын эсрэг үйлдэлтэй бэлдмэлүүд, элэгний үйл ажиллагааг сэргээх, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах, тамир оруулах бэлдмэл зэргийг хэрэглэдэг. Эмчилгээ нь вирусын үржлийг зогсоох, элэгний үрэвслийг дарах гэсэн чиглэлд хийгддэг. Цаг алдалгүй эмчилгээ хийгдсэн нөхцөлд гол төлөв нааштай үр дүн гардаг.
.
Урьдилан сэргийлэх арга хэмжээ
Юуны өмнө ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Хоол идэхээс өмнө гараа угаах, тохиолдлын бэлгийн харьцаанд заавал бэлгэвч хэрэглэх, аяга тавгаа сайтар угааж цэвэрлэж сурах хэрэгтэй. ТҮЦ, хүн олноор цугларсан газраас баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн, хоол авах хэрэггүй. Одоогоор халдварт шараас сэргийлэх хамгийн найдвартай арга нь вакцинжуулалт юм.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home